Tuesday, 19 September 2017

Англи хэл сурах

Англи хэл сурч буй аргуудаасаа хуваалцья.

Англи хэл хэрхэн сурах тухай нэгэн зөвлөгөө олж уншсан юм л даа. Би өөрөө бие даан хэрэгжүүлж байгаа. Гадаад хэл бие даан сурч байгаа тохиолдолд гадаад хэл дээр кино үзэхийг зөвлөсөн байна. Гэхдээ зүгээр нэг үзэхгүй. Жишээ нь англи хэлний хувьд эхлээд тухайн киноныхаа дороо англи, монгол хадмал орчуулгатай видео болон хадмал орчуулга байхгүй цэвэр англи хэлээрээ байгаа видеог олж аваад видео болгоныг нэг минутаар таслаж, хадмалгүй--англи хадмалтай--монгол хадмалтай гэх дарааллаар үзнэ. Ингэж эхний нэг минутыг 3 удаа давтаж үзсэний дараа ойлгохгүй байгаа өгүүлбэр болон шинэ үгээ бичиж аваад, цээжлээрэй. Бас өгүүлбэрүүдийг дагаж хэлж, хэлээ зүгшрүүлж болно. Ингээд эхний минутыг англиар бүрэн ойлгодог болсны дараа дараагийн минут руу орно.

Доорх линкууд танд тус болж магадгүй.

www.fenglish.ru
Англи хэлний хичээл болон англи хэл дээр драмууд англи орос хадмалтай байгаа.

https://www.youtube.com/watch?v=ZRUId_PLET4&list=PL5ZDxMFT4aldNMe9An83jJJH4GOXIrt2X&t=68
Энэ харин нэлээд хэрэг болж магадгүй. Дээрийн зөвлөмжөөр Рапунзел хүүхэлдэйн киног 1 минутаар нь тасалж эвлүүлэг хийж бэлдсэн Солонгос хүний видео байнаа. (Солонгосууд ч үнэхээр хөдөлмөрч шүү) Гэхдээ англи хадмалаас гадна солонгос хадмал орсон байгаа тул ойлгохгүй байгаа өгүүлбэрээ google translate ашиглаарай.

За ингээд амжилт хүсье.


Wednesday, 5 July 2017

Солонгост ажиллах тухай тэмдэглэл

Ямар нэгэн зүйлийн тухай монгол хэлээр хайхаас илүү солонгосоор хайвал илүү олон мэдээлэл гарч ирдэг л дээ. Хүн ам олонтойгоос ч болдог байх. Монголоороо хайж унших мэдээлэл нэмэх зорилгоор блогтоо хааяаа тэмдэглэл бичиж байна.

Энэ удаагийн бичлэг гадаадад тэр дундаа БНСУ-д ажиллах  тухай судлаж байгаа хүмүүс уншвал сонирхолтой байж магад.

Миний хувьд БНСУ-д IT инженерээр ажиллаад 4 дэх жилдээ ороод явж байна. Миний ажилладаг компани нийт 60аад ажилтантай дунд зэргийн компани учраас том компаниудыг бодвол нөхцөл муутай байж магадгүй, гэхдээ энэнээс муу нөхцөлтэй жижиг компаниуд олон байдаг. Еерийн байдал болон енцгеес харж бичсэн болохоор еренхий мэдээлэл л авна гэж бодож уншаарай.

1. Ажиллах орчин нөхцөл

Ерөнхийдөө гэрээн дээр 9-18 цагийн хооронд ажиллана. 12-13 цаг цайны цаг гэж тусгаж өгсөн байдаг ч солонгост оройтож ажиллах бол байдаг л асуудал юм. 
Оройны 6 цагт ажлаас тараад байвал ажилгүй байна, завтай байна гэж харагддаг тул энэ цагт тарахдаа бусдыгаа харж байгаад нууцаар шахуу гарна. 
Оройтож ажиллавал сайн ажиллаж байна, идэвхтэй байна гэж харагддаг. Нэг их ажилгүй байсан ч ерөнхийдөө яг 18 цагтаа тарахгүй, 19 цаг дөхүүлж байж тарна. 

2. Хангамж

Ихэнх жижиг компаниуд илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Манай компани ч мөн адил. Оройтож ажиллахад оройн хоолны мөнгө гэж өгнө. оройн 10аас хойш тарвал таксины мөнгө өгнө.
Амралтын өдрүүдээд ажиллавал тэр өдрөө нөхөөд дараа нь амрах юмуу жилийн эцсээр мөнгөөр өгдөг. Жилд 12 өдрийн амралттай. Тийм болохоор манайх шиг зуны амралтаар сар амарч явна гэсэн зүйл байхгүй. 
Төрсөн хүнд төрсний амралт гэж цалинтай амралт өгдөг. Дараа нь хүүхэд харах амралт гэж өгдөг. Тэр нь улсаасаа хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Хүсвэл аав нь бас нярай хүүхдээ асрах амралт авдаг. Гэхдээ гадаад хүнд энэ хэр хамааралтайг мэдэхгүй юм. Ямарч байсан миний хувьд төрсний дараа 3 сарын бүтэн цалинтай амралт ажлаас өгч байсан. 

3. Ажлын олдоц

IT чиглэлд эмэгтэй хүн цөөхөн байдаг бас ихэвчлэн 25-35 насныхан их ажилладаг.Энэ насныхан ажил олоход ч арай хурдан байдаг. Нас ахих тусам хөгжүүлэлт хийхээсээ илүү удирдах ажил хийдэг учраас ийм насныхан ажлаа солиход бэрхшээлтэй санагдсан. Солонгос хэлтэй бөгөөд тухайн зааж сургах шаардлагагүйгээр шууд хийж чадах туршлагатай гадаад хүмүүс ажилд ороход асуудал бараг байхгүй. Гадаад хүн гэхээр арай хямд ажиллах хүчин гэж харах хандлагатай.

4. Цалин

Жижиг дунд үйлдвэрийн хувьд ажлын туршлагагүй шинэ ажилтны эхний цалин бол сарын 2 сая вон бол дундаж. Энэнээс бага бол багадаа орно. Их бол боломжийндоо орно. Сард элдэв татвар, даатгал хасахад 2сая воны цалинтай гэж бодоход 1,850 сая вон орчим бэлнээр авна. Гэхдээ анх цалингаа тохирохдоо 13дахь сарын цалин, бонус тусдаа юу гэдгийг лавлаарай. Нийлүүлээд хэлчихдэг газар байдаг гэсэн.

5. Байр, орон сууц

Цаанаасаа байр гаргаж өгдөг компани цөөхөн байгаа байх. Ихэнх тохиолдолд өөрөө гэрээ олно. Байршлаасаа шалтгаалаад байрны үнэ харилцан адилгүй.
Урьдчилгаа барьцаа өгч 2 жилийн гэрээ байгуулж байр түрээслэдэг. Барьцаа нь ихэвчлэн 1 сая воноос эхлээд 20, 30 саятай ч байна. Сарын түрээс нь байрнаасаа шалтгаалаад 200,000 воноос-1сая вон орчим. (200д газар доор байрлах чийг үнэртсэн, эсвэл төвөөс алслагдсан 1-2 өрөө байр, 1сая орчим бол орон сууц юмуу, шинэ хороололд эсвэл метроны буудалтай ойрхон байршилтай тохилог байр гэж ойлгоход болно.) Барьцаа өсөх тусам сарын түрээс багасна. Эднийх бусад улсыхаас нэлээдгүй онцлогтой бас нэг байр түрээслэх арга нь өндөр хэмжээний/байрны өөрийх нь үнээс арай бага/ барьцаа төлөөд 2 жилийн хугацаанд түрээс төлөхгүйгээр байранд эзэн шиг нь сууж болно. 

Өнөөдөр энэ хүргээд төгсгөе.

Үргэлжлэл бий....

Ажлын уур амьсгал болон даатгал виза хүүхдийн боловсролын талаар дараа нь бичие.